👩⚕️ АӨСҮТ-ийн арьс харшлын их эмч Б.Энхсайхан "ТАВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ЯМАР НЭГЭН ХАРШИЛТАЙ" БАЙНА.

Цэцэг ногоо дэлгэрч, аялал зугаалгаар явдаг улирал тул хавар зуны цагт хүмүүсийн харшил хөдлөх нь ихэсдэг. Бидний амьдарч буй орчин, идэж буй хоол хүнснээс шалтгаалж сүүлийн жилүүдэд харшилтай хүн, хүүхдийн тоо нэмэгдэх болсон. Харшлын талаар зөвлөгөө мэдээллийг хүргэхээр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс, харшлын Их Эмч Б.Энхсайхантай ярилцлаа.
"МАНАЙД ТАВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ЯМАР НЭГ ХАРШИЛТАЙ БАЙНА"
- Танай эмнэлэг ид харшлын улирлын үед ачаалал өндөр байдаг уу?
- Манай АӨСҮТ-д өдөрт дунджаар 400-450 орчим иргэд үйлчлүүлдэг. Харшлын өвчлөлийн ид ачааллын үе буюу 4-9-р сарын хооронд өдөрт 600-аад иргэн манайд эмнэлгийн тусламж үйлчилгээг авдаг.
-Харшлын улирал эхэлж буйтай холбоотойгоор урьдчилж хийж болох эмчилгээг хэзээнээс эхэлдэг, тэр нь хэр үр дүнтэй байдаг вэ?
- Харшлын өвчний гол эмчилгээ бол харшилж буй зүйлээсээ холдох арга байдаг. Ургамлын харшлын үед ч ялгаагүй ургамлаас хол байх нь гол эмчилгээ. Тиймээс өвөл харшилтай иргэдэд ямар нэгэн зовуурь илэрдэггүй. Гэвч зуны улиралд ургамлаас бүрэн холдох боломжгүй байдаг. Ингэснээр гол эмчилгээ маань хийгдэхгүй байна гэсэн үг. Харин бусад эмчилгээ маань зовуурь бага хөдөлгөх, зовуурийг намдаах чиглэлд зориулагддаг юм.
Ургамлын харшил дөрөвдүгээр сараас буюу модлог ургамал тоосоо цацаж эхлэх цагаас харшлын шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Манай эмнэлгийн хувьд ургамлын харшил хөдөлж эхлэхээс өмнө хоёр төрлийн эмчилгээг хийдэг. Үүнд сийвэн эмчилгээ шарилжны эсрэг хамрын шүршлэг ордог. Гэвч эдгээр эмчилгээг жил бүр дөрөвдүгээр сар хүртэл хийгээд есдүгээр сар хүртэл зогсоодог. Дээр хэлсэнчлэн эдгээр эмчилгээг хийлгэснээр зовуурь бага хөдлөх, харшлын уух эмийн тоо багасах сайн талтай.
skip-share
Харшлын өвчин эцэг эхээс хүүхдэд удамших нь 50-75 хувь байдаг.
- Харшлын вакцин гэж байдаг уу?
- Хүмүүсийн хүсээд байдаг нэг удаа тариад зуныг ямар ч харшилгүй өнгөрөөдөг вакцин гэж байхгүй. Иргэдийн дунд харшил эхлэхээс өмнө нэг удаа тарьдаг вакцин хийлгэдэг гэсэн ойлголт байдаг нь буруу юм. Антиполин эм, шарилжны эсрэг хамрын цацлагыг үндсэн вакцин эмчилгээнд оруулан хэрэглэж байгаа ч аль аль нь энэ жилийн хувьд хийгдэх хугацаа нь дуусаж байна. Хүмүүсийн дунд сүүн тариа гэж нэрлэн гормоны өндөр тунт тариаг вакцин хэмээн тарих нь цаашдын тоолж барамгүй хор нөлөө, эрсдэлийг өөртөө учруулж буйг ухамсарлан хийлгэхгүй байхыг анхааруулж байна.
- Манай улс гадны туршлага, харшлын эсрэг шинэлэг инноваци бүхий эмчилгээг нэвтрүүлэх боломжтой юу? Энэ талаарх судалгаа байдаг уу?
- 2022 оноос Монгол Улсын бүртгэлд omaliumab биологийн бэлдмэл архаг чонон хөрвөс, ургамлын харшил , хамрын полип зэрэг өвчний эмчилгээнд шинээр нэвтэрсэн ч өндөр өртөгтэйн улмаас хүмүүсийн хамрагдалт хангалтгүй байна.
skip-share
Одоо ургамлын харшлын улирал эхэлж байгаатай холбон сануулахад гадуур зарагдаж буй сүүн тариа, харшлын тариа гэсэн эмүүдийг дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна
- Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүс, хүүхдүүдийн тоо ихсэх болсон. Энэ нь юутай холбоотой байж болох вэ?
- Өндөр хөгжилтэй орнуудад харшлын өвчин 25 хувь хүртэл тархалттай байдаг. Манай улсад таван хүн тутмын нэг ямар нэг харшлын өвчинтэй гэсэн судалгаа гарсан. Харшлын өвчин эцэг эхээс хүүхдэд удамших нь 50-75 хувь байдаг. Агаарын бохирдол, хүн амын нягтаршил өндөр байх, эрүүл бус хооллох, амьдралын буруу дадал зуршил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
- Дур мэдэн хүчтэй эм, тариа хэрэглэснээр гарах үр дагаврууд юу байж болох вэ?
- Одоо ургамлын харшлын улирал эхэлж байгаатай холбон хэлэхэд гадуур зарагдаж буй сүүн тариа, харшлын тариа гэсэн эмүүд дур мэдэн хэрэглэхгүй байхыг дахин сануулж байна. Мөн дексаметазон тариаг эмчийн зааваргүй хэрэглэж болохгүй. Өндөр тунгаар гормоны тариануудыг хэрэглэснээр зүрх судас, мэдрэл, яс булчин, дотоод шүүрдлийн өвчнүүдээр өвдөх эрсдэл хэд дахин нэмэгддэг. Яг хийлгэсний дараа хэсэгхэн хугацаанд зовуурьгүй сайхан байх ч хэдхэн жилийн дараа эрхтэн сисмемийн талаас хүндрэлүүд өгч эхэлдэг.
- Хамрын дусаалганы зохисгүй хэрэглээ ямар үр дагавартай вэ?
- Энэ талаар чих хамар хоолойн эмч нар илүү сайн хариулт өгөх байх гэж бодож байна. Хамрын цацлага удаан хэрэглэсэн хүмүүс хэрэглээд байхад хамар сайн онгойхгүй байна, хамар байнга хуурайших болсон, цус амархан гардаг, шархирч өвддөг, хоолой хорсдог, байнгын хамар битүү байснаас толгой өвдөх болсон гэсэн зовууриуд их хэлдэг. Цацлага хэрэглэх тоо тань ихсээд байгаа тохиолдолд чих хамар хоолойн эмчид давхар үзүүлэхийг зөвлөе.
skip-share
Өнгөрсөн жил шумууланд хазуулснаас харшил үүсдэг хүүхдийг үзсэн нь номон дээрээс л уншиж байсан сонин тохиолдол байсан.
- Харшил бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг уу?
- Харшил бүрэн эмчлэгдэх боломжгүй. Гэвч зовуурь багатай, зовуурьгүй байх бүрэн боломжтой. Харшлын өвчин тэр дундаа ургамлын харшлын үед дэглэм баримтлах нь эмчилгээний хамгий чухал бөгөөд үр дүнтэй арга. Маск зүүх, хэрэглэх хүнсэн дээрээ анхаарснаар зовуурь сайн багасдаг.
- Чонон хөрвөсийн талаар....
- Чонон хөрвөс нь дэлхийд 25 хувь хүртэл тархалттай хамгийн элбэг тохиолддог өвчний нэг. Үндсэнд нь архаг, цочмог гэж хоёр ангилж үздэг. Цочмог чонон хөрвөсийн шалтгаанд хоол хүнс, эмийн бодис зэрэг ордог бол архаг үед чихрийн шижин, бамбай булчирхайн өвчнүүд, ходоод гэдэсний өвчнүүд шалтгаан болох нь бий. Эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Чонон хөрвөс өвчний үед харшлын сорил тавиулах нь оношлогоонд маш бага ач холбогдолтой байдаг.
- Сонин, содон харшилтай хүн таарч байв уу?
- Миний хувьд харьцангуй залуу эмч учраас одоогоор олон ховор тохиолдолтой таараагүй байгаа ч өнгөрсөн жил шумууланд хазуулснаас харшил үүсдэг хүүхдийг үзсэн нь номон дээрээс л уншиж байсан сонин тохиолдол байсан. Хүмүүс шумууланд хазуулсны дараа хавдаад 2-3 хоногт гайгүй болдог бол тухайн хүүхдийн хувьд хазуулсан газар маажиж оролдоогүй байхад ихээр томорч төвөөсөө шархалж идээлж , зовхи хавдаж харшлын урвал илэрч байсан.
- Мэдээлэл, зөвлөгөө өгсөнд баярлалаа.