Амбулаторийн Тусламж Үйлчилгээ


1925 онд “Ардын эмнэлэг” –ийн амбулаторийн тасагт “Арьс өнгө”-ний кабинетийг нээж ажиллуулсан нь өнөөдрийн поликлиникийн эх суурь тавигдсан түүхтэй.

Ардын эмнэлэг гэдэг нь одоогийн УНТЭ бөгөөд 1926-1946 он хүртэл Арьс өнгөний кабинет нь УНТЭ–ийн харъяанд ажиллаж байсан ба кабинетийн эрхлэгчээр Зөвлөлт Оросын их эмч Гобянский ажиллаж, “Арьс өнгөний диспансер”-ийн үүргийг үндсэнд нь гүйцэтгэж байжээ.

Арьс өнгөний кабинетэд Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж байсан ба “Оточийн манлай Орлов доктор” гэж алдаршсан Орлов эмч, Михайлов, Соловьев, Таубкин, Г.Г.Орловский, Н.Ф.Беленьский, А.Н.Лейн, Акатов нар 1926-1940 онуудад ажиллаж, тасаг кабинетийн сургагчаар 1939-1941 онд зөвлөх эмч В.П.Варшевский, 1944-1948 онд Е.Бочарова, 1950-1953 онд Л.Г.Дмитриев, 1954-1956 онд Ю.М.Добровольский, 1956-1957 онд Ю.М.Гром-Врублевская тус тус ажиллаж байжээ. 1947 оноос эхлэн зөвлөлтийн эмч нарын дараагаар үндэсний мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн. Үүнд: 1947 оноос Ч. Долгор /АУ-ны доктор, профессор МУ-ын Ардын эмч/, 1948 оноос Б.Нямцоо, Д.Цэрэннадмид, 1949 оноос В.Бурцова, Гомбожав, 1955 оноос Басбиш, Банзрагч, Жамбалсанжид, 1957 оноос С.Лхүндэв /АУ-ны доктор, клиникийн профессор/, Т.Ядамсүрэн /Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч/ нар ажиллаж байлаа.

1967 онд МАХН-ын Төв хороо, СНЗ-ын 19/174-р тогтоол гарч районы Арьс өнгөний диспансеруудыг байгуулах болсны дагуу УБ хотын 5 дүүрэгт /Ажилчин, Октябрь, Сүхбаатар, Найрамдлын район, Налайх дүүрэг/ арьс өнгөний эмчийн кабинетуудыг районы нэгдсэн төвд байгуулж, хотын диспансерт шууд харъяалуулан их эмч 2, бага эмч 1, сувилагч 2, карт бичигчтэйгээр ажиллуулсан ба районы Арьс өнгөний кабинетуудад Найдан, Цэенойдов, Булган, Бадамханд, Лувсаншарав, Галсандорж нарын эмч нар ажиллаж байсан.

1969 оноос районы Арьс Өнгөний Улсын Диспансер  болон өргөжиж, районы Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаа /АДХГЗ/-ны харъяанд шилжсэн.

1978 онд тус эмнэлэг Арьс Өнгөний Улсын Диспансертай нэгдэж “Арьс Өнгөний Эмгэг Судлалын Нэгдсэн /АӨЭСНТөв/” болоход “ПОЛИКЛИНИК” - ийн хэсэг улам өргөжиж серологийн хяналтын, трихомониазын кабинет, патогистологийн лаборатори шинээр нээж ажиллуулж эхэлсэн түүхтэй. 

Энэ зохион байгуулалтаар ажиллахад эрхлэгчээр нь Г.Цэрэн, дараа нь Д.Өлзийхишиг /Тэргүүлэх зэргийн эмч/ нар ээлжлэн 1991 оныг хүртэл ажиллаж, 1991 оноос Арьс Өнгөний Клиникийн Эмнэлэг /АӨКЭ/ болж одоогийн байранд 1990 оны 10-р сард нүүж ирсний дараа арьсны өвчтөнд үйлчлэх “Зөвлөх Поликлиник” - ийг 1991 оноос тус байрны 1 давхрын зүүн жигүүрт нээж арьсны, мөөгөнцрийн, хүүхдийн, харшлын кабинетууд ажиллуулсан ба их эмчээр Б.Хүрэлтогоо /Тэргүүлэх зэргийн эмч/, Д.Лхагва /АУ-ны доктор, клиникийн профессор/, Бу.Оюун /Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч/, Г.Дашиймаа /Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч/ нар ажилласан. АӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Ч.Жавзансүрэн /Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч/ давхар хариуцан ажиллаж байлаа.

1994 оноос тус төвийн бүрэлдэхүүнээс Өнгө /БЗДХ-тай өвчтөнийг эмчлэх тасаг/-ний тасгийг 50 ор, эмч ажилчдын хамт одоогийн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д шилжүүлснээр шинэ бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

1995 оноос тус төвд Гоо Заслын эмчилгээний салбарыг хөгжүүлэх зорилгоор Зөвлөх поликлиникийн нэг кабинетыг гоо заслын эмчилгээний кабинет болгон өргөжүүлж их эмч Ж.Оюунцэцэг /Тэргүүлэх зэргийн эмч/, Дагзмаа, Мягмарсүрэн нарын гоо сайханчтайгаар ажиллаж эхэлсэн. Статистик дүн бүртгэл судалгааны кабинет поликлиникийн бүрэлдэхүүнд  мөн багтан ажиллаж байсан.

2000-2002 онд Зөвлөх поликлиникийн эрхлэгчээр А.Байгалмаа /Ахлах зэргийн эмч/, 2003-2005 онд С.Мягмаржав /Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч/, 2006-2010 онд  Ц.Уранчимэг /АУ-ны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч/, 2011-2014 онд Бу.Оюун /Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч/, 2014-2015 онд Ц.Сарангуа /АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч/, А.Нямдарь /АУ-ны магистр/, 2016-2017 онд их эмч А.Байгалмаа /Клиникийн профессор, Зөвлөх зэрэгтэй / нар ажиллаж байсан. 

2018 оноос Г.Цогзол /АУ-ны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч/ томилогдон одоо хүртэл ажиллаж байна.

АӨСҮТ- ийн Зөвлөх поликлиник нь арьсны эмч, хүүхдийн арьс судлал, арьс харшил, дотрын /зүрхний/ арьсны хэт авиан оношилгоо зэрэг нарийн мэргэжлийн кабинетүүд, өдрийн эмчилгээ, харшлын сорил тавих, плазмаферез, аутосеротерапи буюу өөрийн сийвэнгээр эмчлэх эмчилгээ хийх кабинет, хөтөч, цахим бүртгэлийн хэсэг гэсэн нэгжтэйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Зөвлөх поликлиникээр жилд 95000-100000 үйлчлүүлэгчдийг үзэж, 10000 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 4500 гаруй хүнд харшлын сорил тавьж 1000 гаруй хүнийг өөрийн сийвэнгээр нь эмчилж, 400 хүнд плазмаферез хийн эмчлэн эдгэрүүлж байна.

Тус поликлиникээр монгол улсын сум, аймаг, нийслэл дүүргүүдээс арьс харшил судлалын чиглэлээр онош тодруулах, зөвлөгөө авах, хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 

Тус төвийн эмч нарын мэдлэг, ур чадвар жилээс жилд сайжирч оношилгоо үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхийг зорин ажиллаж байна.

Зөвлөх поликлиникд  ажиллагсдын 55 хувь нь зэрэг цолтой, 50 хувь нь 5 аас дээш жил ажилласан дадлага туршлатай эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.